Сүрэнжидийн Сээсрэгдорж
/АУ-ы доктор, профессор, клиникийн зөвлөх эмч, Монгол улсын гавьяат эмч/
Өвчнөөс урьдчилан сэргийлэх уламжлалт анагаах ухааны аргын талаар ярилцлагаа эхлэх үү?
Монголын уламжлалт анагаах ухааныг эртнээс нааш авч үзвэл өнөөдрийн энэ анагаах ухааны өрхийн эмнэлгийн тогтолцоотой ижилхэн байсан гэж үздэг. Тэр үеийн эмч тухайн газар орныхоо хүмүүсийн хэний юу өвддөг, хэнд юу хэрэгтэй гэх мэт зүйлсийг гарын арван хуруу шиг мэддэг байж. Өөрөөр хэлбэл эмч өвчтөн хоёр нягт холбоотой байсан юм. Энэ утгаараа уламжлалт анагаах ухаан нь нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг барьдаг. Нийгмийн эрүүл мэнд гэдэг нь аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэл рүү хөгжсөн анагаах ухаан юм. Үүнийг олон судлаачид ярьж байгаа бөгөөд уламжлалт анагаах ухаанд хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэд хэдэн онцлог байдаг. Тэр онцлог нь ерөөсөө хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн гэдэгт оршдог. Өөрөөр хэлбэл эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал гэгддэг хүний үр хөврөл бүрэлдэхээс эхлэн байгалийн таван махбоди буюу эх бодис гээч юм. Таван махбоди гэдэг нь шороо, ус, хий, гал, огторгуй юм. Энэ тав чинь эцэг эхийн эр эм бэлгийн эсэд тэнцүү хэмжээгээр байж байж хүн бий болдог. Тэгэхээр ээж аавууд энэ таван махбодио тэнцүү барьж байж сайхан эрүүл чийрэг хүүхэд төрөх ёстой. Тэр дундаас хий, шороо гэхчилэн аль нэг нь жаахан илүү эсвэл бага байвал эрүүл чийрэг хүүхэд төрөх магадлал жаахан муутай юм гэж үздэг. Тиймээс энэ таван махбодиор нь хүнийг өсгөж эрүүл чийрэг бойжуулах, нөгөө талаасаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бололцоотой юм. Уламжлалт анагаах ухааны бас нэг онцлог нь ямар ч хүний сэтгэлийн амар амгаланг тэргүүн зэрэгт тавьдаг. Сэтгэл тайван байх юм бол нөгөө таван махбоди тайван байж хүн эрүүл байна гэж үздэг. Орчин үеийнхээр бол стрессгүй, бухимдалгүй амьдрахыг хэлж байгаа юм л даа. Нуур амгалан бол нугас амгалан гэдэг шиг сэтгэл амар амгалан байгаагийн цаана хүний таван махбодийн тэнцвэрт чанар агуулагдаж байгаа юм. Нөгөө нэг онцлог нь хүний өвчнөөс урьдчилан сэргийлэх асуудал чинь ерөөсөө л байгальтай холбоотой. Хүнийг гадаад орчны шүтэлцээнтэй дандаа холбож урьдчилан сэргийлж мөн эмчилгээгээ хийдэг. Гадаад орчны өөрчлөлт гэдэгт юу багтах вэ гэхээр нэгдүгээрт улирлын асуудал байна. Хур тундас их орж байна уу? ган болж байна уу? хуурайшилт ихтэй байна уу гэх мэтийг хангай, хээр тал, говийн хүмүүст өөрөөр авч үзнэ. Хоёрдугаарт тухайн орон нутагт жилийн дөрвөн улирал ямархуу үйлчилж байна. Аль бүс нутагт багтдаг хүн бэ гэдэгт нь уялдуулан авч үздэг. Мөн энэ гадаад орчны нөлөөллийн дээр нар сарны хөдөлгөөн гээд зурхайн асуудал орж ирдэг. Тэгэхээр тэр бүгдэд тохируулаад хоол унд, ажил, хувцаслалт, нойр, амралтаа тохируулдаг байсан.
-Таван мах бодийн тэнцвэрийн талаар жаахан тодруулахгүй юу?
-Уламжлалт анагаах ухааны өвчнөөс урьдчилан сэргийлж байсан нэг онцлог зүйл бол хүн болгоны өөр өөрийн онцлогтой холбож авч үздэг байсан нь юм. Энд мэдээж хүйсийн ялгаа, насны онцлог байна. Үүнийг өрнийн анагаах ухаан маш тодорхой хэлдэг. Уламжлалт анагаах ухааны гол онцлог нь нөгөө таван махбодитойгоо холбож гарч ирнэ. Таван махбодийнхоо хувьд хүн болгон өөр өөрийн онцлогтой байдаг. Түүнийг хоёр нь арай илүү эсвэл гурав нь тэнцүү хувиарлагдсан гэх мэт шинжээр долоон янзын өөр өөрийн өвөрмөц онцлогтой хүмүүсийг бий болгодог гэж үздэг. Энэ өвөрмөц онцлогийн цаана нэгдүгээрт тарган туранхай, өндөр нам гэх мэт хүний бие бялдарын онцлог байж байна. Хоёрдугаарт ууртай уцаартай, тайван амгалан зэрэг сэтгэлийн асуудал байна. Гуравдугаарт нь хурдан сэтгэдэг, удаан ойлгодог гэхчилэн ой тогтоолтын асуудал байдаг. Энэ өвөрмөц онцлогтоо тулгуурлан хүний дасан зохицох чадвар гэж юм бий. Тухайн хүнд үйлчилж байгаа стрессийн хүчинд нэг үгээр хэлбэл цочруулд зарим хүмүүс тэсвэрлэх чадвар багатай, өвчлөх магадлал өндөртэй байдаг байхад зарим нь илүү дасан зохицох чадвартай байдаг. Энэ онцлогоос нь хамаарч тухайн хүнд ямар ажил зохих, ямар хоол идэх, улирлын байдалд яаж зохицуулж хувцаслах, ажил төрлийнхөө онцлогийг яаж зохицуулах вэ гэдэг зүйл рүү нь илүү анхаардаг. Жишээ нь хий дийлэнх хүн бол гаднаас нь харахад биеэр жаахан бага, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, баярлах гомдох нь амархан байдгаасаа үүдэж нөгөө стрессийн хүчин зүйлд илүү өртөмтгий байдаг. Мөн бадган дийлэнх хүн байна. Тийм хүмүүс жаахан тайван учраас стресст бага өртөмхий байдаг. Аливаа юмыг тайван хүлээж авдаг, дасан зохицох чадвар сайтай юм болгон дээр бухимдаад байдаггүй. За тэгээд шарын хүн байна. Тэд их хурц зантай, уур нэлээн түргэнтэй гэх мэт долоон өөр төрлийн хүмүүс байдаг. Иймээс тухайн хүний өвөрмөц онцлогийг барьж өвчнөөс урьдчилан сэргийлэх бөгөөд хэрвээ өвдсөн тохиолдолд мөн үүнийгээ барьж эмчилгээ хийдэг.
-Эдгээр нь улирлын чанартай өвчлөх магадлалтай байдаг гэсэн. Энэ талаар…
Зуны улиралд хий өвчинтэй хүмүүс жаахан ядрамтгай, өвчлөх магадлал ихтэй байдаг. Тийм учраас зуны улиралд тэр хүмүүст онцгой анхаардаг. Тэгвэл тайван, бадгантай хүн хаврын улиралд жаахан өвдөх магадлалтай байдаг. Харин шартай хүн бол намрын улиралд арай илүү өвчлөх магадлалтай байдаг. Тэгэхээр тэр хүмүүст тухайн үед нь арай илүү анхаарал тавьж хоол унд, ажил хөдөлмөрийн онцлог, эм заслаар бага зэрэг засаад өгөх хэрэгтэй. Нөгөө талаар хүмүүсийн бас нэг өөр өөрийн онцлог байдаг. Өрнийн анагаах ухаан түүнийг мэддэг л дээ. Гэхдээ түүнийгээ практикт хэрэгжүүлдэггүй. Ер нь хүний ходоод гэхэд л дотроо дөрвөн янз байдаг. Хэсэг хүнд адилхан хоол өгөхөд зарим нь шингээдэг байхад нөгөө нь шингээхгүй, зарим нь дундаж байдлаар шингээдэг, өөр нэг хэсэг нь тэр хоолонд өлсөөд байдаг ч юмуу ийм байдаг. Гэтэл тэр хоолоо шингээхгүй байгаа хүн бол өвчтэй хүн биш. Ерөөсөө тэр хүн төрөхөөсөө ходоод нь өөрийн онцлогтой төрсөн байнаа л гэсэн үг. Тэгэхээр хүн болгон өөр өөрийн тэр онцлогууд дээр тулгуурлан хоол хүнсээ хэрэглэнэ гэсэн үг. Дээр ярьсан тэр хий ихтэй хүн бол амархан өлсөмтгий хүн байдаг. Тийм учраас хоолоо жаахан ахиу идэж байх ёстой. Хэзээ ч таргалахгүй онцлогтой хүн байж болно. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнтэй, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй учраас энергиэ амархан алддаг. Тиймээс туранхайдуу байх жишээтэй. Нөгөө бадганы хүн болих тайван, аливаа зүйлийг хуримтлуулж, хуримтлал их үүсгэдэг учраас багахан хоол идээд цаддаг талтай. Шарын хүн бол бас их энергичний хүн учраас хоол унд нь их амархан шингэдэг. Иймээс хоолзүйн баримтлалын хувьд бол хүн болгонд адилхан хоол өгнө гэж байхгүй. Иймээс уламжлалт анагаах ухааны хоолзүйн баримтлал бол өрнийн анагаах ухааны хоолзүйн баримтлалаас их өвөрмөц онцлогтой байдаг. Өрнийнх бол оюуны хөдөлмөр эрхлэх ч гэдэг юмуу хүнд хөдөлмөр, хагас механикжсан хөдөлмөр эрхлэдэг хүмүүс гэх зэргээр авч үздэг. Харин уламжлалт анагаах ухаан бол хувь хүнийхээ өвөрмөц онцлогийг улирал, нас, байгалийн нөлөөлөл ямар байгаа тэр байдалтай нь холбож авч үздэг. Үүгээрээ гол онцлог юм боловуу гэж боддог. Үүний дээр хүний сэтгэн бодох чадвар, хэвлийн мөн чанараар нь ангилан авч үзээд эмчилгээ үйлчилгээгээ үзүүлдэг. Хэвлийн мөн чанар гэдэг их онцлог л доо. Энгийнээр хэлэхэд хүмүүс цөсөө угаадаг. Тэр цөс угаана гэдэг чинь хүн болгонд адилхан үйлчлэхгүй. Бүгдийг нь адилхан угаая гэвэл зарим нь маш хурдан гүйлгэж, нэг хэсэг нь хоржигнож хоржигнож байгаад зүгээр болчихдог. Гэтэл зарим нь ямар ч чимээгүй байдаг. Тэгэхээр энэ чимээгүй байгаа нь ч өвчтэй хүн биш, хурдан гүйлгээд байгаа нь өвчтэй хүн биш. Тэр бол тухайн хүний өөр өөрийн онцлог чанартай холбоотой. Тиймээс түүнд нь таарсан хоол, эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэрэгтэй байдаг.
-Хувь хүн өөрийгөө хий, шар, бадганы аль нь вэ гэдгээ мэдэх боломж бий юу?
-Эрдэмтэн судлаачдын бэлтгэсэн би ямар хүн бэ гэдгийгээ тогтоох аргууд бий. Түүгээр ямар ч хүн өөрийгөө бадган эсвэл хий дийлэнх хүн үү? аль эсвэл хий шар хавсарсан хүн юм уу?гэдгээ тогтоогоод авчихвал хүн өөрийгөө өвчнөөс урьдчилан сэргийлж байгаль орны нөлөөлөл, стресснээс хамгаалж чадна. Адаглаад хоолоо тохируулаад хэрэглэж сурна. Дээр бас зарим шинж тэмдгүүдээс нь дурьдсан байгаа. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны эмч нарт хандаж мэдэж болно. Энд бас нэг зүйлийг хэлэхэд өрнийн анагаах ухаанд хүмүүсийг тарган, туранхай, хэвийн гээд биеийн хэлбэр галбираар болон холерик, сангвиник, плекматик гэх мэт дээд мэдрэлийн үйл ажиллагаагаар нь тодорхойлдог. Ингэж дан ганц галбир, дээд мэдрэлийн үйл ажиллагаа гээд хөөгөөд ирэхээр бас өрөөсгөл байдаг. Харин уламжлалт анагаах ухааны тодорхойлолт бол галбир, дээд мэдрэлийн үйл ажиллагаа зэргийг оюуны чадавхитай нь хамт цогц байдлаар бүгдийг нь багтаасан ангилал байдгаараа их онцлогтой. Энэ нь монгол хүнээ танин мэдэхэд их ач холбогдолтой.